СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

Сумын Засаг даргын Тамгын газар Засаг захиргааны ажлыг сум анх байгуулагдсан 1931 оноос явуулж эхэлсэн түүхтэй бөгөөд 80 гаруй жилийн хугацаанд гурван удаа нүүж, эцэст нь одоогийн байршилд төвхнөн суурьшаад 34 жил болж байна.

Нутгийн иргэд мал аж ахуй, газар тариалангийн ажлыг голлон эрхэлж, механикжсан салаа, Буянтын тэжээлийн аж ахуй, 1000 үнээний саалийн механикжсан ферм, хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний салбар байгуулагдан өргөжсөнөөр хүн амын төвлөрөл ихэссэнийг харгалзан 1979 онд сумын төвийг одоогийн байгаа газарт суурьшуулснаар АДХ-ын гүйцэтгэх захиргаа үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 оны 10 дугаар сард сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааг сумын Засаг даргын Тамгын газар нэртэйгээр өөрчлөн байгуулж, сумын анхны Засаг даргаар С.Дөрвөд ажилласан ба одоо сумын Засаг даргаар Ч.Нэргүй, Засаг даргын Тамгын газрын даргаар Ш.Даваатогтох нар ажиллаж байна.

Засаг даргын Тамгын газрын гол үүрэг нь хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх, хөгжил дэвшлийн зохистой шийдвэр гаргах , орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төв хөдөөгийн 5 баг, төсөвт албан байгууллага, аж ахуйн нэгж, төрийн ба төрийн тус байгууллагуудад төрийн үйлчилгээ үзүүлж, зохион байгуултаар хангах явдал юм.

Засаг даргын Тамгын газар нь зохион байгуулалт орон тоо бүтцийн хувьд Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, нягтлан бодогч, төрийн сангийн төлөөлөгч , татварын улсын байцаагч, байгаль орчны хяналт хариуцсан мэргэжилтэн, газрын даамал, нийгмийн бодлогын ажилтан, улсын бүртгэлийн ажилтан, нийгмийн даатгалын байцаагч, нийгмийн халамжийн мэргэжилтэн, 2 байгаль хамгаалагч, архив бичиг хэргийн ажилтан, эрх зүй дотоод хэргийн ажилтан, жолооч, үйлчлэгч, гэрээт ажилчин 3, мал үржлийн тасгийн 2 мэргэжилтэн, жолооч, 5 багийн Засаг дарга, цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаа зэрэг нийт 30-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Засаг даргын Тамгын газар нь Лосолын Лаагааны нэрэмжит 12 жилийн бүрэн дунд сургууль, Хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэндийн төв, соёлын төв, ХААН банкны салбар, Хадгаламж банкны салбар, Шатахуун түгээх станц зэрэг байгууллага, нэгжүүдтэй хамтран ажиллаж төв, хөдөөгийн 5 багийн иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байна.