МУ-ын хууль тогтоомжууд


Description: ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр

 

Улаанбаатар хот

 

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ

I ХЭСЭГ

ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилго

1.1.Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино.

2 дугаар зүйл. Захиргааны хууль тогтоомж

2.1.Захиргааны үйл ажиллагаатай холбоотой хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хуулиас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй:

3.1.1.хууль тогтоомжийн төсөл боловсруулах болон хууль тогтоох үйл ажиллагаа;

3.1.2.Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах үйл ажиллагаа;

3.1.3.Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүхийн гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа;

3.1.4.гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;

3.1.5.онц болон дайны байдал зарласан үед зэвсэгт хүчин ашиглах, цэрэг хөдөлгөх;

3.1.6.тагнуул, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах болон төрийн гадаад бодлогыг шууд хэрэгжүүлэхтэй холбоотой ажиллагаа;

3.1.7.улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа.

Тайлбар: Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа гэж улс төрийн байгууллага, албан тушаалтны хуульд заасан бүрэн эрхэд шалгуургүйгээр заасан, эсхүл шүүхийн журмаар шалган тогтоох боломжгүй шийдвэр гаргах ажиллагааг ойлгоно. Улс төрийн албан тушаалтан, байгууллага дангаараа шийдвэр гаргасныг улс төрийн шийдвэр гаргах ажиллагаанд хамааруулах үндэслэл болохгүй. 

3.2.Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т зааснаас бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ.

3.3.Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл. Захиргааны үйл ажиллагааны зарчим

4.1.Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.

4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:

4.2.1.хуульд үндэслэх;

4.2.2.шуурхай, тасралтгүй байх;

4.2.3.хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх;

4.2.4.үр нөлөөтэй байх;

4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;

4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;

4.2.7.ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах;

4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах.

Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА

5 дугаар зүйл. Захиргааны байгууллага

5.1.Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно:

5.1.1.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага;

5.1.2.хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага;

5.1.3.захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд;

5.1.4.үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа;

5.1.5.нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага.

5.2.Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.

5.3.Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу хууль тогтоох, гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно.

5.4.Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ.

6 дугаар зүйл. Захиргааны байгууллагыг төлөөлөх

6.1.Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө.

6.2.Хамтын удирдлагатай захиргааны байгууллагын шийдвэрийг нэг гишүүн дангаар, цөөнхөөр, эсхүл эрх олгогдоогүй этгээд гаргахгүй.

6.3.Эрх хэмжээгээ төлөөлүүлсэн захиргааны байгууллага хэдийд ч төлөөллийг цуцлах эрхтэй.

7 дугаар зүйл. Захиргааны байгууллагыг төлөөлөхгүй байх

7.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд захиргааны байгууллагыг төлөөлөхөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хязгаарлалт хүчин төгөлдөр үйлчилнэ.

7.2.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хойшлуулшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ хуулийн 7.1-д заасан этгээд оролцож болно.

8 дугаар зүйл. Захиргааны байгууллагын эрх шилжүүлэх

8.1.Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно.

9 дүгээр зүйл. Захиргааны байгууллагын харьяалал

9.1.Захиргааны байгууллагын чиг үүрэг, нутаг дэвсгэрийн харьяаллыг хууль болон түүнийг үндэслэн гаргасан шийдвэрээр тогтооно.

9.2.Нутаг дэвсгэрийн харьяаллаар захиргааны байгууллагын албан ёсны хаягийг бүртгэнэ.

9.3.Тухайн асуудал хэд хэдэн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарч байвал анхан шатны захиргааны байгууллага, ижил түвшний захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарч байвал анх хүлээн авсан захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлыг шийдвэрлэнэ.

10 дугаар зүйл. Захиргааны байгууллагын харилцан туслах үүрэг

10.1.Захиргааны байгууллага дараах тохиолдолд бичгээр хүсэлт гарган бусад захиргааны байгууллагаас туслалцаа авч болно:

10.1.1.эрх зүйн хувьд өөрөө тодорхой үйл ажиллагаа явуулах боломжгүй бол;

10.1.2.үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хүний нөөц, эсхүл бүтэц, тогтолцоо бодитоор дутагдсан бол;

10.1.3.чиг үүргээ хэрэгжүүлэхэд бодит нөхцөл байдлын талаарх мэдээлэлгүй, олж авах боломжгүйгээс холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаа шаардлагатай бол.

10.2.Захиргааны байгууллага туслалцаа хүссэн бусад захиргааны байгууллагатай хамтран ажиллах үүрэгтэй.

10.3.Энэ хуулийн 10.1-д заасан асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой гарсан зардлыг туслалцаа хүссэн байгууллага хариуцна.

10.4.Захиргааны байгууллага дараах тохиолдолд туслалцаа үзүүлэхгүй:

10.4.1.хуулиар хориглосон бол;

10.4.2.нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулахаар бол;

10.4.3.тухайн асуудал Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Төрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуулиар туслалцаа үзүүлэх боломжгүй бол.

10.5.Захиргааны байгууллага дараах тохиолдолд туслалцаа үзүүлэхгүй байж болно:

10.5.1.өөр захиргааны байгууллага шуурхай, эсхүл бага зардлаар албан туслалцаа үзүүлж чадахаар бол;

10.5.2.тухайн байгууллагын бодит боломжоос давсан бол;

10.5.3.туслалцаа үзүүлснээр өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд бэрхшээл учрахаар бол.

10.6.Дээд болон доод шатны захиргааны байгууллагын хүсэлтийг шийдвэрлэх, тодорхой үйл ажиллагааг тухайлсан хуулиар захиргааны байгууллагын чиг үүрэгт хамааруулж, хэрэгжүүлснийг харилцан туслалцаа гэж үзэхгүй.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЗАХИРГААНЫ ШИЙДВЭР ГАРГАХ АЖИЛЛАГАА

11 дүгээр зүйл. Захиргааны үйл ажиллагааны хэлбэр

11.1.Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна:

11.1.1.захиргааны акт;

11.1.2.захиргааны гэрээ;

11.1.3.захиргааны хэм хэмжээний акт.

11.2.Захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны байгууллага тухайн хуульд заасны дагуу хэрэглэнэ.

11.3.Хуульд өөрөөр заагаагүй тохиолдолд захиргааны байгууллага энэ хуулийн 11.1-д заасан үйл ажиллагааны хэлбэрээс сонгон хэрэглэнэ.

11.4.Хуульд өөрөөр заагаагүй, энэ хуулийн 11.1-д заасан хэлбэрээс сонгож хэрэглэх боломжгүй тохиолдолд захиргааны байгууллага захиргааны үйл ажиллагааны өөр бусад хэлбэрийг өөрөө тогтооно.

12 дугаар зүйл. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа

12.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 11.1.1, 11.1.2-т заасан шийдвэртэй холбогдсон үйл ажиллагааг ойлгоно.

12.2.Энэ хуулийн 11.1.3-т заасан шийдвэр гаргах ажиллагааг энэ хуулийн Зургаадугаар бүлэгт зааснаар зохицуулна.

13 дугаар зүйл. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч

13.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид “оролцогч” гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно.

13.2.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно.

13.3.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна.

13.4.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүн оролцох тохиолдолд дохио, зангаа, тусгай тэмдэгт ашиглан хэлмэрчийн тусламжтайгаар оролцоно.

14 дүгээр зүйл. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрх зүйн чадамж

14.1.Хуульд заасан эрх зүйн чадамжтай иргэн, хуулийн этгээд болон хуулиар эрх олгогдсон этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхтэй.

14.2.Оролцогчийг хуульд заасан эрх зүйн чадвар, чадамжтай байхыг шаардана.

15 дугаар зүйл. Оролцогчийн эрх

15.1.Оролцогч захиргааны байгууллагатай харилцахдаа дараах эрхийг эдэлнэ:

15.1.1.захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах;

15.1.2.тухайн захиргааны шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтны талаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах;

15.1.3.өөрийн гаргаж өгсөн баримт бичгийн баталгаажсан хуулбар болон эх хувийг буцаан авах;

15.1.4.захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх;

15.1.5.хэрэгжүүлэхийг хүссэн төсөл, үйл ажиллагаа, төлөвлөгөө, өргөдөл, хүсэлтийн талаар мэдээлэл авах;

15.1.6.хуульд заасан журмын дагуу захиргааны байгууллагын бүртгэл, архивын баримттай танилцах;

15.1.7.захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах;

15.1.8.хуульд заасан бусад эрх.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан мэдээлэл авах эрх төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хууль тогтоомжоор хамгаалагдсан мэдээллээр хязгаарлагдана.

16 дугаар зүйл. Хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авах

16.1.Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авч болно.

17 дугаар зүйл. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд төлөөлөх

17.1.Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд өөрийн төлөөлөгчийг оролцуулж болно.

17.2.Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогчийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх бөгөөд итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна.

17.3.Итгэмжлэлээр төлөөлж байгаа этгээдийн бүрэн эрхийг оролцогч тодорхойлно.

17.4.Иргэний эрх зүйн зарим чадамж болон бүрэн бус чадамжтай оролцогчийг түүний хууль ёсны төлөөлөгч төлөөлнө.

17.5.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон бол түүнтэй, харин оролцогч нь хуульд заасны дагуу хамтран оролцох үүрэгтэй бол захиргааны байгууллага тэдгээртэй харилцана.

18 дугаар зүйл. Захиргааны шийдвэрийг төлөөлөн хүлээн авах этгээд

18.1.Оролцогч Монгол Улсад оршин суух хаяггүй, эсхүл байнга оршин суудаггүй бол захиргааны байгууллагын шаардсан хугацаанд түүний өмнөөс захиргааны шийдвэрийг төлөөлөн хүлээн авах этгээдийг нэрлэж болно.

18.2.Оролцогч энэ хуулийн 18.1-д заасан этгээдийг нэрлээгүй бол түүнд хаяглагдсан баримт бичгийг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр, харин цахим шуудангаар явуулсан баримт бичгийг түүнийг илгээснээс хойш ажлын таван өдөр өнгөрснөөр баримт бичиг гардуулсанд тооцно.

18.3.Захиргааны байгууллага энэ хуулийн 18.1-д заасан этгээдийг нэрлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврын талаар оролцогчид урьдчилан мэдэгдэнэ.

19 дүгээр зүйл. Төлөөлөгчийг томилох

19.1.Захиргааны байгууллагын оршин байгаа газрын сум, дүүргийн Засаг дарга дараах оролцогчийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалан оролцох төлөөлөгчийг томилно:

19.1.1.оролцогч хэн болох нь тодорхойгүй бол;

19.1.2.оролцогчийн оршин байгаа хаяг нь тодорхойгүй, байнгын оршин суугаа хаягтаа байхгүй, эсхүл удаа дараа /хоёр буюу түүнээс дээш/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол;

19.1.3.Монгол Улсад байнга оршин суудаггүй, төлөөлөн хүлээн авах этгээдийг нэрлээгүй бол;

19.1.4.захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах эзэнгүй эд юмстай холбоотой үүсэх эрх, үүргийг хэрэгжүүлэх шаардлагатай бол.

20 дугаар зүйл. Хэд хэдэн оролцогчийг төлөөлөх

20.1.Ижил утгатай өргөдөл, гомдол гаргасан 20 ба түүнээс дээш этгээд дундаасаа төлөөлөгчөө томилж, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцож болно.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчийг өргөдөл, гомдол гарсныг мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор томилоогүй тохиолдолд захиргааны байгууллага нэр, хаягаа тодорхой бичсэн эхний этгээдийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд төлөөлүүлнэ.

21 дүгээр зүйл. Захиргааны байгууллагад хүрэлцэн очих

21.1.Хуульд заасан тохиолдолд оролцогч захиргааны байгууллагад өөрийн биеэр ирэх бөгөөд бусад тохиолдолд төлөөлөгчөө томилон ирүүлж болно.

21.2.Оролцогч биечлэн ирэх шаардлагатай тохиолдолд мэдэгдэх хуудаст хүрэлцэн очих газар, өдөр, цаг, зорилго болон ирээгүй тохиолдолд гарах эрх зүйн үр дагаврын талаар тодорхой тусгана.

21.3.Оролцогч захиргааны байгууллагад өөрийн биеэр ирсэн талаарх тодорхойлолтыг түүний хүсэлтээр захиргааны байгууллага гаргаж өгөх үүрэгтэй.

22 дугаар зүйл. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлэх

22.1.Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ.

23 дугаар зүйл. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хэл

23.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг монгол хэлээр хөтлөн явуулна.

23.2.Оролцогч захиргааны байгууллагад гадаад хэлээр хандсан тохиолдолд орчуулгыг хавсаргасан байх бөгөөд орчуулгын зөрүүтэй байдлаас үүсэх үр дагаврыг өөрөө хариуцна.

24 дүгээр зүйл. Нөхцөл байдлыг тогтоох

24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.

24.2.Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.

24.3.Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ.

24.4.Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.

24.5.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй.

25 дугаар зүйл. Нотлох баримт цуглуулах

25.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:

25.1.1.ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах;

25.1.2.оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах;

25.1.3.шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах;

25.1.4.гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах;

25.1.5.баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах;

25.1.6.шаардлагатай бол туршилт хийх;

25.1.7.оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах.

25.2.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход оролцогч энэ хуульд заасан хүрээнд оролцож болно.

25.3.Захиргааны байгууллага өөрт байгаа болон байх ёстой мэдээлэл, нотлох баримтыг оролцогчоос шаардахгүй.

26 дугаар зүйл. Оролцогчийг сонсох

26.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.

26.2.Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.

27 дугаар зүйл. Сонсох ажиллагааг явуулах

27.1.Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.

27.2.Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:

27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх;

27.2.2.хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх.

27.3.Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана:

27.3.1.сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл;

27.3.2.захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт;

27.3.3.захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл.

27.4.Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна:

27.4.1.сонсгол зохион байгуулах;

27.4.2.саналыг бичгээр авах;

27.4.3.биечлэн уулзах;

27.4.4.утсаар санал авах;

27.4.5.цахим хэлбэрээр санал авах;

27.4.6.төлөөлөгчөөр дамжуулан санал авах;

27.4.7.бусад.

27.5.Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.

27.6.Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.

27.7.Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй.

28 дугаар зүйл. Сонсох ажиллагааг хийхгүй байх

28.1.Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно:

28.1.1.нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол;

28.1.2.гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол;

28.1.3.иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд;

28.1.4.захиргааны шийдвэрийг техник хэрэгслийн тусламжтайгаар гаргаж байгаа бол;

28.1.5.захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол;

28.1.6.төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хууль тогтоомжоор хамгаалагдсан бусдад дамжуулах боломжгүй мэдээлэлд хамаарах бол.

28.2.Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй.

29 дүгээр зүйл. Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас

29.1.Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална.

29.2.Захиргааны шийдвэр бүрд хяналтын дагалдах хуудас хавсаргах бөгөөд дагалдах хуудсанд захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон албан хаагч бүрийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, оролцоо, гүйцэтгэлийн тухай дэлгэрэнгүй тэмдэглэсэн байна. Дагалдах хуудсанд албан хаагчийн захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон оролцоо, гүйцэтгэлийг тэмдэглэсэн байна.

29.3.Энэ хуулийн 29.2-т заасан дагалдах хуудсыг албан хаагчид шагнал олгох, үр дүнгийн урамшуулал тооцох, сахилгын шийтгэл хүлээлгэх, эсхүл хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход харгалзана.

29.4.Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3 дахь хэсэг бичмэл хэлбэрээр гаргах захиргааны шийдвэрт хамаарна.

30 дугаар зүйл. Нууцыг хадгалах

30.1.Оролцогч төр, байгууллага болон хувь хүний нууцыг задруулахгүй байхыг захиргааны байгууллагаас шаардах эрхтэй.

30.2.Захиргааны байгууллага энэ хуулийн 30.1-д заасан нууцыг задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд задруулсан тохиолдолд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ.

31 дүгээр зүйл. Зөвлөгөө, мэдээлэл өгөх

31.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй.

31.2.Оролцогчоос гаргасан хүсэлт, тайлбар, мэдээлэл зэрэг нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад бүрэн бус, эсхүл буруу бичигдсэн байвал захиргааны байгууллага оролцогчид холбогдох зөвлөгөө өгөх үүрэгтэй.

32 дугаар зүйл. Оролцогч баримт бичигтэй танилцах эрх

32.1.Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно.

32.2.Энэ хуулийн Долоодугаар бүлэгт заасан нийтийг хамарсан төлөвлөлтөөс бусад тохиолдолд захиргааны шийдвэр хүчин төгөлдөр болсноор оролцогч, түүний төлөөлөгч тухайн шийдвэртэй холбоотой баримт бичигтэй танилцах эрхтэй.

32.3.Баримт бичигтэй танилцуулах ажиллагааг тухайн захиргааны шийдвэр гаргасан байгууллага хариуцна.

33 дугаар зүйл. Хугацааг тодорхойлох

33.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно.

33.2.Хугацааг хуульд заасны дагуу бий болох үйл явдлаар тодорхойлж болно.

33.3.Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно.

33.4.Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна.

33.5.Үүргийг захиргааны байгууллага гүйцэтгэх бол зохих журмаар тогтоосон тухайн байгууллагын ажлын өдөр дуусах эцсийн цагийн дотор гүйцэтгэнэ.

33.6.Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ.

33.7.Цаг хугацааг тоолохдоо хуанлийн жилийг арван хоёр сараар, хагас жилийг зургаан сараар, улирлыг гурван сараар, хоногийг хорин дөрвөн цагаар тоолно.

33.8.Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно.

33.9.Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусах бөгөөд хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна.

33.10.Хуанлийн жил нь 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусна.

33.11.Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна.

33.12.Гарагаар тогтоосон хугацаа тухайн товлосон гараг дуусах эцсийн цагт дуусна.

33.13.Цагаар тогтоосон хугацаа уг хугацаа дуусах цагийн мөн хоромд дуусна.

33.14.Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно.

З3.15.Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.

33.16.Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.

33.17.Захиргааны байгууллагаас эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон хууль бус захиргааны актад энэ хуулийн 33.16 дахь хэсэг хамаарахгүй.

33.18.Захиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуульд заасныг баримтална.

34 дүгээр зүйл. Хугацааны эрх зүйн үр дагавар

34.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа дуусгавар болсноос хойш сонсох ажиллагаа хийхгүй.

35 дугаар зүйл. Хугацааг сунгах

35.1.Хуульд өөрөөр заагаагүй бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй бол захиргааны байгууллага оролцогчийн хүсэлтээр анх тогтоосон хугацаанаас илүүгүй хугацаагаар нэг удаа хугацааг сунгаж болно.

35.2.Хугацааг сунгасан тухай захиргааны байгууллага оролцогчид бичгээр мэдэгдэнэ.

36 дугаар зүйл. Хугацааг сэргээх

36.1.Оролцогч тайлбар, санал гаргахдаа энэ хуулийн 27.5-д заасан хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол захиргааны байгууллага уг хугацааг сэргээж болно.

II ХЭСЭГ

ЗАХИРГААНЫ ШИЙДВЭР

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЗАХИРГААНЫ АКТ

37 дугаар зүйл. Захиргааны акт

37.1.Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.

37.2.Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

37.3.Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.

37.4.Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно.

37.5.Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно.

37.6.Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно.

37.7.Нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн, эсхүл эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг ашиглахтай холбоотой захиргааны акт байж болно.

38 дугаар зүйл. Захиргааны актын нэмэлт зохицуулалт

38.1.Захиргааны актад тавьсан хуулийн шаардлагыг хангахын тулд, эсхүл хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхой заасан бол захиргааны актын үндсэн зохицуулалтад нэмэлт зохицуулалт хийж болно.

38.2.Захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа энэ хуулийн 38.1-д зааснаас гадна дараах нэмэлт зохицуулалтыг хэрэглэнэ:

38.2.1.эерэг, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт тодорхой цагт эхлэх, дуусгах, эсхүл тодорхой хугацааны туршид үйлчлэхээр;

38.2.2.эерэг, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт хожим бий болох үйл явдлаас хамаарч болох, эсхүл болохгүйг тогтоох;

38.2.3.захиргааны актыг цуцлах нөхцөлийг тогтоох;

38.2.4.эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт урьдчилан тодорхой зүйл хийх, түдгэлзэх, эсхүл тодорхой зүйл хийхийг үүрэг болгох;

38.2.5.захиргааны актаар хожим бий болох, өөрчлөгдөх, эсхүл нөхөн гүйцээх үүргийн үндэслэлийг тодруулах.

38.3.Нэмэлт зохицуулалт нь захиргааны актын зорилго, агуулгад нийцсэн байна.

39 дүгээр зүйл. Захиргааны актын агуулга ба хэлбэр

39.1.Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна.

39.2.Захиргааны актыг энэ хуулийн 37.1-д заасан хэлбэрээс гадна цахимаар, эсхүл техник хэрэгслийн тусламжтайгаар гаргаж болно.

39.3.Цахимаар, эсхүл техник хэрэгслийн тусламжтайгаар гарсан захиргааны акт нь энэ хуулийн 40.2-т заасан шаардлагаас гадна эрх бүхий албан тушаалтны гарын үсэг нь Цахим гарын үсгийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна.

40 дүгээр зүйл. Захиргааны актыг бичгээр гаргах

40.1.Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана.

40.2.Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:

40.2.1.захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх;

40.2.2.захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээдийн эрхгүй бусад этгээд бол түүний төлөөлөгч, нэр, хаяг, холбоо барих мэдээлэл;

40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;

40.2.4.захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах;

40.2.5.захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах.

40.3.Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана.

40.4.Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана.

40.5.Дараах тохиолдолд энэ хуулийн 40.4-т заасан шаардлага хамаарахгүй:

40.5.1.захиргааны байгууллагаас өргөдөл, гомдлыг хангаж шийдвэрлэсэн, захиргааны акт бусдын эрхийг хөндөхгүй бол;

40.5.2.хаяглагдсан этгээдэд захиргааны актын үндэслэл тодорхой, ойлгомжтой байгаа, эсхүл бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлийг өмнө нь мэдэж байсан бол;

40.5.3.тус бүрд нь үндэслэл шаардлагагүй нэг ижил захиргааны актыг олон тоогоор, эсхүл техник хэрэгслийн тусламжтайгаар гаргаж байгаа бол.

41 дүгээр зүйл. Захиргааны актыг бичмэл бус хэлбэрээр гаргах

41.1.Дараах тохиолдолд захиргааны актыг амаар, эсхүл бичмэл бус хэлбэрээр гаргаж болно:

41.1.1.захиргааны актыг хойшлуулшгүй гаргах шаардлагатай бол;

41.1.2.хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхой хэлбэрийг заасан бол;

41.1.3.эрх зүйн ялимгүй үр дагавар бүхий асуудлыг шийдвэрлэх бол;

41.1.4.захиргааны актыг бичгээр гаргах боломжгүй, эсхүл тохиромжгүй бол.

41.2.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс шаардвал захиргааны байгууллага амаар, эсхүл бичмэл бус хэлбэрээр гаргасан захиргааны актыг бичгээр баталгаажуулж болно.

42 дугаар зүйл. Сонгох боломж

42.1.Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ.

42.2.Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.

43 дугаар зүйл. Захиргааны актыг мэдэгдэх

43.1.Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.

43.2.Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.

43.3.Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно.

43.4.Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно.

43.5.Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно.

43.6.Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно.

43.7.Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно.

Тайлбар: Хэвшсэн журмаар нийтэд танилцуулах гэж захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбар, цахим хуудас, орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг ойлгоно.

43.8.Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй.

44 дүгээр зүйл. Захиргааны актын талаар тайлбарлах

44.1.Оролцогч захиргааны актаар бий болсон эрх, үүргийн талаар тайлбар хүсвэл захиргааны байгууллага амаар, эсхүл бичгээр тайлбарлах үүрэгтэй.

45 дугаар зүйл. Захиргааны актын илэрхий алдааг засах

45.1.Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй.

45.2.Эрх, х